Жендэр гэдэг нь эмэгтэй эрэгтэй хүмүүсийн биологийн шинж чанарт үндэслэсэн хүйсийн тодорхойлолтоос илүү өргөн хүрээтэй бөгөөд тэдний нийгмийн шинж чанарыг буюу нийгэм, гэр бүлд гүйцэтгэх үүрэг ба хэрэгцээний ялгаатай байдлыг илэрхийлдэг. Латин хэлний төрөл, хэлбэр гэсэн утга бүхий genus хэмээх үгнээс гаралтай энэ нэр томьёог дэлхийн улс орнууд өөрсдийн аялга, дуудлагад нийцүүлэн нэгдмэл байдлаар хэрэглэж байна (gender –англи, гендер –орос, genero-испани гэх мэт). Монгол хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс gender гэсэн үгийг монгол хэлний дуудлагад нийцүүлэн эгшиг зохицох дүрмийн дагуу сүүлийн үеийн “е”-г “э” болгон “жендэр” хэмээн бичихээр зөвлөснөөр хуулийн нэрэнд анх тусгасан түүхтэй.
Жендэр нь нийгмийн анги давхраа, нас, арьс өнгө/яс үндэс, шашин шүтлэг, газар зүй, эдийн засаг, улс төр, соёлын орчин зэрэг олон үзүүлэлттэй харилцан хамааралтай бөгөөд цаг хугацааны туршид хувьсан өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нөхцөл байдал хүйсээр төдийгүй дээрх үзүүлэлтээр ялгаатай байдаг. Жишээ нь, залуу эмэгтэйчүүдэд хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд тулгарах асуудал ахимаг насны эмэгтэйчүүдийнхээс өөр, хөдөөгийн малчин эрэгтэйчүүдэд тулгарч буй асуудал албан хаагч эрэгтэйчүүдийнхээс мөн ялгаатай.
Түүнчлэн цаг хугацааны туршид нийгмийн хөгжлийн үр нөлөөгөөр эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн үүрэг өөрчлөгддөг. Ажлын орчин нөхцөл сайжирч технологийн дэвшил гарснаар зөвхөн эрэгтэй хүний мэт төсөөлөгддөг байсан хүнд машин механизм ажиллуулах зэрэг олон ажлыг эмэгтэйчүүд хийх болжээ. Мөн хүмүүсийн ойлголт хандлага өөрчлөгдөн цэцэрлэгийн багшийн ажлыг зөвхөн эмэгтэй хүн хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд эрэгтэй хүмүүс багшилдаг болж, эрэгтэй тогооч нар олширч байна. Энэ нь хувь хүмүүст хөдөлмөр эрхлэх илүү өргөн сонголт бий болж байна гэсэн үг юм.
- Жендэрийн тэгш байдал нь эмэгтэй, эрэгтэй хүмүүс нийгэмдээ болон хувийн амьдралын хүрээндээ эн тэгш үнэлэгдэж, тэгш эрх мэдэл, хариуцлага, оролцоотой байх тухай ойлголт юм.
- Жендэрийн тэгш байдлын зорилго нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг тэгш тоогоор ажиллуулах, эсвэл сургалт үйл ажиллагаанд адил тоогоор оролцуулахад биш, харин тэдний ялгаатай хэрэгцээг анхаарч хүн бүрт тэгш боломж олгоход оршдог.
- Жендэрийн тэнцвэрт байдлыг тоон утгаар хэмжиж болох бол жендэрийн тэгш байдал нь агуулга, чанартай холбоотой бөгөөд хувь хүнд гарах ахиц дэвшлээр хэмжигдэнэ.
- Жишээлбэл, зургаас харахад нэг анги танхимд охид хөвгүүд адил тоогоор суралцах нь жендэрийн тэнцвэрт байдал юм.
- Харин сургалтын агуулга, арга зүй охид хөвгүүдийн сэтгэл зүйн онцлог, ялгаатай хэрэгцээнд нийцэж байгаа эсэх нь жендэрийн тэгш байдлын асуудал юм.
- Мөн эдгээр охид хөвгүүд боловсролын дараагийн шатанд тэгш харьцаатай элсэн орж байгаа эсэх, суралцаж төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ эн тэгш ажиллаж байгаа эсэх гэх мэт олон үзүүлэлтээр жендэрийн тэгш байдлыг хэмждэг.
Жендэрийн тэгш байдал алдагдсан тохиолдолд Засгийн газраас тусгай арга хэмжээг бодлогоор авч хэрэгжүүлдэг. Тусгай арга хэмжээ нь эмэгтэй, эрэгтэй хүмүүст адил боломж, тэгш хандлагыг тогтоох зорилготой бөгөөд энэ зорилт биелэгдмэгц зогсох зориулалттай.
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10-р зүйлд удирдах ажилтны хүйсийн тэнцвэрийн талаар аль нэг хүйсийн төлөөллийг дараах байдлаар заасан. Үүнд:
- Томилогдох улс төрийн албан тушаалтны дотор Засгийн газар, аймаг, нийслэлд 15%, дүүрэгт 20%, суманд 25%, хороонд 30%-аас доошгүй байх;
- Төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргын 15%, бусад төв байгууллагын удирдлагын 20%, яамдын газар, хэлтсийн даргын 30%, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын дарга, хэлтэс, албадын даргын 40%-аас доошгүй байх;
- Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд 40:60 гэсэн харьцааг хангах бодлого, арга хэмжээг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.
“ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ” ХАНДЛАГА
1980-аад оноос өмнө тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд зонхилж байсан “Эмэгтэйчүүд ба хөгжил”, “Эмэгтэйчүүд хөгжилд” хандлагууд нь эмэгтэйчүүдийг онцгойлон үзэж, тэднийг хөгжлийн үйл ажиллагаанд оролцуулахад голлон анхаарч байв.
Сүүлийн 20 гаруй жилийн турш эмэгтэйчүүдийг бүлгийнх нь хувьд онцгойлон үзэхэд бус, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хооронд тухайн нийгэм цаг үед төлөвшсөн харилцаанд анхаарч, түүнийг өөрчлөн сайжруулахад чиглэсэн “Жендэр ба Хөгжил” хандлагыг баримтлах болсон бөгөөд Монгол Улсын нийгэм соёлын нөхцөл байдал, цаг үеийн хэрэгцээнд илүү сайн зохицож, манай улсын жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчинтой нийцсэн байдаг.
“Жендэр ба хөгжил” хандлагыг баримтлах болсноор эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн онцлог хэрэгцээг хангах, хөвгүүд болон хөдөөгийн малчин эрэгтэйчүүдийн боловсролын хоцрогдлыг арилгах зэрэг олон чухал асуудлыг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний хүрээнд төлөвлөөд байна. Гэвч “эмэгтэйчүүд хөгжилд” хандлагын хүрээнд жендэрийн асуудлыг ойлгох явдал ялангуяа шийдвэр гаргах түвшний албан хаагчдад түгээмэл байгаа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхэд садаа болж байна.
“Жендэр ба Хөгжил” хандлага нь:
- Эрэгтэй, эмэгтэй хүмүүс, нийгмийн бүлгүүдийн ялгаатай хэрэгцээг судлан бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанд тусгах замаар тэдэнд хөгжлийн үйл явцад тэгш оролцох, үр шимийг тэгш хүртэх боломж олгоход зорьдог.
- Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нөхцөл байдал, хэрэгцээ нийгэм, соёл бүрт харилцан адилгүй тул улс орон бүр өөрсдийн өвөрмөц байдал, хөгжлийн зорилтдоо нийцүүлэн жендэрийн тэгш байдлын зорилтоо тодорхойлон хэрэгжүүлэхэд тохиромжтой.
- Жендэр болон хөгжлийн үйл явц нь дангаараа оршин тогтнох боломжгүй. Жендэрийн асуудал нь тогтвортой, тэгш шударга байдлыг эрхэмлэсэн нийгмийн удирдлагын салшгүй бүрдэл хэсэг юм.
Монгол Улс нь хөгжлийн үйл явцад эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг тэгш оролцуулах, хөгжлийн үр шимийг тэгш хүртэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч, жендэрийг эмэгтэйчүүдийн бус, харин тэгш оролцоо, тэгш хүртээмж, тэгш хариуцлагын асуудал гэж үзэж байна.
ЖЕНДЭР БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД
Тэгш оролцоо, тэгш хүртээмжийн зарчмыг хэрэгжүүлэх нь хөгжлийн арга зүй бөгөөд энэ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 70/1 тоот тогтоолоор батлагдсан “Эх дэлхийгээ шинэчилье: Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр-2030”-аас тодорхой харагдана.
Уг хөтөлбөрийн тунхаглалд:
- ...Ядуурлын бүх хэлбэрийг устгах, улс орнуудын дотоодын болон улс хоорондын тэгш бус байдлыг бууруулах, гараг ертөнцийг хамгаалах, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй, баталгаатай хөгжлийг хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг нь өөр хоорондоо харилцан уялдаа, хамааралтай болохыг тогтвортой хөгжил хүлээн зөвшөөрч байна.
- ... Шударга, эрх тэгш, хүлцэлтэй, нээлттэй, нийгмийн оролцоог хангасан, хамгийн эмзэг бүлгийнхний хэрэгцээг харгалзсан дэлхий ертөнцтэй болохыг зорьж байна.
- ... Бид хамтын энэ агуу аянд мордохдоо хэнийг ч орхигдуулахгүй гэдгээ андгайлж байна” гэж тусгасан байдаг.
ШУУД БА ШУУД БУС ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ
Жендэрийн тэгш байдлыг хангах нь юуны өмнө ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн эзлэх байр суурь, ажил үүргийн талаарх хэвшмэл ойлголтод үл баригдах, улмаар жендэрийн мэдрэмжтэй хандахыг шаарддаг. Тиймээс эдгээр ойлголтын талаар товч авч үзье.
Жендэрийн ялгаварлан гадуурхалт гэж хувь хүнийг аль нэг хүйсэд харьяалагдаж байгаагаас нь болж амьдралын аль нэг хүрээнд ялгаварлан гадуурхахыг хэлдэг. Жендэрийн ялгаварлан гадуурхалт нь жендэрийн үүргийн тухай уламжлалт хэвшмэл ойлголтод суурилдаг бөгөөд хувь хүний хандлагыг тодорхойлоод зогсохгүй нийгмийн амьдралын бүх хүрээнд институцчилэгдсэн байдаг.
Жендэрийн ялгаварлан гадуурхалт нь практикт ялгаварлан гадуурхалтын арьс, яс үндэс, махбодийн болон оюун ухааны хувьд хөгжлийн бэрхшээл, нас, гэр бүлийн байдал, эх байх, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, амьдралын түвшин болон ДОХ-оор ялгаварлах зэрэг бусад хэлбэрүүдтэй хамт холилдсон байдаг. Жишээ нь тэргэнцэртэй хүн орж болох ариун цэврийн өрөөгүй газарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс удаан хугацаагаар байх, ажиллах боломжгүй болдог ба хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд биологийн онцлогоосоо үүдэн илүү хүнд байдалд ордог.
Ялгаварлан гадуурхалт шууд ба шууд бус хэлбэрээр илэрч болдог. Хууль, дүрэм, журам, бодлого практик нь эмэгтэй, эрэгтэй хүмүүст тэгш бус хандаж, тэдний хооронд илэрхий ялгаа үүсгэж байгаа нь жендэрийн шууд ялгаварлан гадуурхалт юм. Жишээ нь эмэгтэй, эрэгтэй ямар ч хүн хийж болох, хүйс заах шаардлагагүй ажилд зөвхөн эмэгтэй, эсвэл эрэгтэй хүнийг ажилд авна гэх нь шууд ялгаварлан гадуурхалт юм.
Тэгвэл ажилд авах хүний хүйсийг шууд заагаагүй боловч аль нэг хүйсэд давуу байдлыг санаатай болон санамсаргүй байдлаар олгосон бол шууд бус ялгаварлан гадуурхалт болно. Жишээ нь тухайн ажлын байранд зайлшгүй шаардлагагүй байхад ажил горилогчийн өндрийн доод хэмжээг заасан бол дундаж өндрөөрөө эрэгтэй хүнээс нам байдаг эмэгтэйчүүдийн хувьд тухайн ажилд орох боломж багасна гэсэн үг юм.
Байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ мөн аль нэг хүйсийг ялгаварласан байх тохиолдол гардаг. Жишээ нь үсчний газрууд адил хугацаа, ур чадвар шаардагдах үсний тайралтын үнийг эмэгтэйчүүдийн хувьд илүү өндөр тогтоодог. Тиймээс зарим улс оронд үсний тайралтын үнийг хүйсээр биш, тайрсан үсний уртаар тогтоодог туршлага бий.
ЖЕНДЭРИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТ (СТЕРЕОТИП)
Жендэрийн хэвшмэл ойлголт гэдэг нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн шинж төрх, байр суурь, гүйцэтгэх үүргийн талаарх хувь хүмүүсийн ялгаатай байдал, цаг хугацаан дахь өөрчлөлтийг үл тооцсон хялбаршуулсан ойлголт төсөөлөл, явцуу итгэл үнэмшил, хүлээлт юм.
Жендэрийн хэвшмэл ойлголт нь:
- Нийгэм, соёл бүрт харилцан адилгүйгээс гадна цаг хугацааны явцад өөрчлөгддөг боловч эрэгтэйчүүдийг нийгмийн хүрээнд хөдөлмөр эрхлэгч, өрх гэрийн тэжээгч, харин эмэгтэйчүүдийг тэднээс хараат, голцуу өрх гэрийн хүрээнд хөдөлмөрлөгч гэж үзэх хандлагыг хадгалж бэхжүүлсэн түгээмэл шинжтэй байдаг.
- Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн талаарх бодит бус үнэлэмжийг нийгэмд төлөвшүүлж, тэдний хэрэгцээ, боломж бололцоог бодлого төлөвлөлтөд харгалзан үзэж, мэдлэг чадварыг бодитой үнэлэхэд саад болж байдаг.
- Аль нэг хүйсэд, эсвэл хүн амын аль нэг бүлэгт шударга бус хандахын, аливаа шударга бус байдлыг зөвтгөхийн үндэс болж байдаг.
Иймээс жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, түүнээс ангид байснаар эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгаатай нөхцөл байдлыг, түүнээс үүдсэн ялгаатай хэрэгцээг олж харах боломж бүрддэг.
Амьдралд тогтсон жендэрийн хэвшмэл ойлголтоос болж удирдах ажилтан ажил дээрээ хэвшмэл хандлага гаргахаас сэргийлэхэд анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, ижил цолтой 2 офицер, эсвэл ижил албан тушаалд ажилладаг 2 ажилтны эмэгтэйд цай зөөх, бичиг цаас эмхэлж цэгцлэх зэрэг даалгаврыг өгөх хандлага гардаг.
Видео хичээл
ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДСЭН ЗАРЧИМ
Салбар, орон нутаг, байгууллагын удирдах ажилтан нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах дараах үндсэн зарчмуудад тулгуурлан үйл ажиллагаагаа явуулна. Үүнд:
1. Жендэрийн тэгш эрхийн зарчим: Эрэгтэй, эмэгтэй хүн бүр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн ба бусад харилцаанд тэгш эрхтэй байх, нийгмийн амьдралд адил оролцох, хөгжлийн үр шим, нийгмийн баялгаас тэнцүү ашиг хүртэх боломж, нөхцөлийг хангах;
2. Ялгаварлан гадуурхахгүй байх зарчим: Эрэгтэй, эмэгтэй хүн бүр нас, хүйс, ажил, албан тушаал, үзэл бодол, гэрлэлтийн байдал, боловсролын ялгаа зэргийг үл харгалзан ялгаварлан гадуурхалт, хязгаарлалтгүйгээр хүний эрх, эрх чөлөөг эдлэх;
3. Төрийн хариуцлагын зарчим: Төр эрэгтэй, эмэгтэй хүний эрх тэгш байдлыг хангах талаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх, түүний үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх;
4. Жендэрийн мэдрэмжтэй бодлогын зарчим: Хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөлд жендэрийн үзэл баримтлалыг тусгах замаар хөгжлийн бодлогыг жендэрийн агуулгатай болгох;
5. Жендэрийн мэдээлэл хүртээмжтэй байх зарчим: Хүйсээр ангилсан албан ёсны статистикийн болон бусад мэдээллийн ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлыг хангах.
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ: ШИНЭ ОЙЛГОЛТ ХАНДЛАГА
Жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ) нь олон улсын түвшинд онцгой анхаарал татсан, байнга хэлэлцэгдэж буй чухал асуудал юм. Олон улсын түвшинд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд технологийн хөгжил, нөхөн үржихүйн эрх, инклюзив арга барил, хууль эрх зүйн шинэчлэл, хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн арга хэмжээг илүүтэй анхаарч байна.
Жендэрт суурилсан хүчирхийллийн шинэ хандлага болох онлайн болон дижитал хүчирхийлэл, цахим гэмт хэрэг нь интернет, дижитал хэрэгсэл, технологи ашиглан үйлдэгддэг бөгөөд нийгмийн сүлжээ, мессеж, холбогдох аппликейшнээр дамжуулан гүтгэх, доромжлох, заналхийлэх, хувийн мэдээлэл, зураг, бичлэгийг дур мэдэн тараах замаар хохирогчийг дарамтлах, нэр хүндийг нь гутаан доромжлох, хохирогчийн үйл ажиллагааг хянах, хувийн орон зайд халдах, онлайн хяналтанд оруулах зэрэг багтдаг. Эдгээр гэмт үйлдлүүд нь хохирогчийн аюулгүй байдал, хувийн мэдээлэл, сэтгэл зүйн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж. жендэрийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэх үр дагавартай.
1. Технологийн хөгжил ба цахим орчны аюулгүй байдал- Технологид суурилсан жендэрт суурилсан хүчирхийлэл (TFGBV): Интернэт, нийгмийн сүлжээ болон бусад цахим хэрэгслүүдээр дамжуулан үйлдэгддэг хүчирхийлэл, дарамт, мөрдөлт зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн шинэ хэлбэрүүд улам хүчтэй болж байгаа ба энэ нь хохирогчдод маш их стресс, айдсыг төрүүлдэг.
- Кибер аюулгүй байдал: Өдөр тутмын бүх үйл ажиллагаа цахимжиж байгаатай холбоотойгоор цахим орчинд аюулгүй байдал, хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах асуудалд анхаарал хандуулах шаардлага нэмэгдсээр байна. Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч нь интернэт орчинд аюулгүй ажиллах ойлголт мэдлэг дутмаг байдлаасаа шалтгаалан цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болох эрсдэл өндөр байна.
2. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх- Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх: Жендэрт суурилсан хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг зөрчих, албадан жирэмслүүлэх, үр хөндүүлэх, хүчээр жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл ашиглуулах зэрэг хэлбэрээр илэрч байгаа тул олон улсын хэмжээнд эдгээр эрхийг хамгаалах талаар илүү өргөн хүрээтэй хэлэлцүүлэг, үйл ажиллагаа өрнөж байна. Мөн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, алслагдмал байдал, мэдээлэл дутмаг байдлаасаа ичиж зовох, үйлчилгээ авч чадахгүй байх нь эмэгтэйчүүдийн жирэмслэлт, төрөлттэй холбоотой эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүндрэл учруулсан хэвээр байна.
- Аюулгүй үр хөндөлт, жирэмслэлтээс хамгаалах: Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, аюулгүй үр хөндөлт, жирэмслэлтээс хамгаалах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал одоог хүртэл чухал байр суурь эзэлсээр байна. Зарим улс орон үр хөндөлтийг хязгаарласан, маш хязгаарлагдмал, ихэвчлэн эхийн амь насанд аюул учруулах тохиолдолд л зөвшөөрсөн хууль баталж байгаа нь жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдэд илүү хүндрэл дагуулах эрсдэлтэй юм. Эдгээр улс орнуудад үр хөндөлтийг хатуу хориглодог шалтгаан нь ихэвчлэн шашны итгэл үнэмшил, уламжлалт соёл, нийгмийн үнэт зүйлстэй холбоотой байдаг. Үр хөндөлтийг хориглосноор эмэгтэйчүүд эрсдэл өндөртэй, аюултай, хууль бус аргаар үр хөндөлт хийлгэх эрсдэлтэй.
3. Эдийн засгийн хүчирхийлэл- Санхүүгийн хараат байдал: Эмэгтэйчүүд эдийн засгийн хараат байдалд орох нь олон шалтгаантай бөгөөд энэ нь тэдний амьдралын чанар, хөгжлийн боломжийг хязгаарлаж, жендэрийн тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлдэг. Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдын хувьд санхүүгийн хараат байдал нь томоохон асуудал болж байна. Ажил, бизнес эрхлэх боломжгүй, эсвэл ажил хийх боломж нь хязгаарлагдсан байх, орлогоо захиран зарцуулах эрхгүй байх зэрэг нь санхүүгийн хараат байдалд ороход шууд нөлөөлдөг. Эмэгтэйчүүдийн дийлэнх нь уламжлалт хандлагаар өрхийн тэргүүний нэр дээр үл хөдлөх хөрөнгө, мал, газар зэргээ өмчлүүлдэг нь тэдний амьдарлын чанар, боломжид сөргөөр нөлөөлж, ажил хийх боломжгүй болох, мал аж ахуй, газар тариалан зэрэг өрхийн аж ахуйд ихэвчлэн хөлсгүй ажиллах, орлогоо захиран зарцуулах эрхгүй байх, зээл авах барьцаа хөрөнгө өөрийн нэр дээр байхгүйгээс санхүүгийн хараат байдалд орж, эдийн засгийн эрх мэдлээр дамжин өөрийн бусад эрхүүдээ алдах байдал нэмэгддэг.
- Эдийн засгийн тусгаарлалт: Эдийн засгийн тусгаарлалт нь эмэгтэйчүүдийг санхүүгийн хувьд хараат байдалд оруулж, нийгмийн оролцоо, хөгжих боломжийг хязгаарлан, тэдний амьдарлын чанарыг бууруулдаг. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, өмчлөх, хувьцаа, хөрөнгө оруулалт гэх мэт гэр бүлийн бизнест оролцуулахгүй тусгаарлалт хийх, санхүүгийн хараат байдалд байлгах нь тэдний эрх мэдэл, эрх чөлөөг хязгаарлаж, эдийн засгийн болон бусад асуудал дээр эрх мэдэлгүй болоход хүргэдэг.
Эдгээр асуудлыг шийдвэрлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор хууль эрх зүйн шинэчлэлд анхаарч, эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг хангах, хохирогчдын эрхийг хамгаалахад онцгой анхаарал хандуулах, мөн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээрх олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг баталж хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авч байна. Үүнийг хэрэгжүүлэхдээ хүүхэд болон өсвөр үеийнхэнд онцгой анхаарал хандуулж, жендэрийн тэгш эрх, хүчирхийллийн эсрэг ойлголт мэдлэг, дадал олгох, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан сэтгэл зүйн дэмжлэг, үйлчилгээг үзүүлэх ажлыг өргөн хүрээнд явуулж байна.