Цахим сургалтын заавар Сургалтын танилцуулга Удирдах ажилтан жендэрийн асуудлыг ойлгох хэрэгцээ шаардлага Сургалтын зорилго
timeТа энэхүү сургалтад 45-60 минут зарцуулна.
Жендэрийн цахим сургалтын модуль нь танилцуулга болон дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
1. Жендэрийн тэгш байдлын талаарх үзэл баримтлал, зарчим, хэвшмэл ойлголт
2. Байгууллага, хамт олныг манлайлахад жендэрийн талаар анхаарах асуудал
3. Жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн түншлэл, хамтын ажиллагаа
Анхаарах зүйл: Цахим сургалтын үндсэн хэсэг нь үе шаттайгаар зохиогдсон тул нэг хэсгийг үзэж дуусган бататгах тест бөглөснөөр дараагийн хэсэг рүү шилжих боломж бүрдэнэ.
Дээрх үндсэн хэсгүүдийг судалж дууссаны дараа жендэрийн асуудлаар эзэмшсэн мэдлэг, чадвараа бататган цахим шалгалт өгөх боломжтой болно.
Тус шалгалтанд 80-аас дээш хувийн амжилттай үнэлэгдвэл “Удирдах ажилтнуудад зориулсан жендэрийн цахим сургалт”-д хамрагдсаныг нотлох Ж1 сертификатыг хэвлэн авах боломж бүрдэнэ.Сертификат нь Жендэрийн үндэсний хорооны удирдах ажилтны зайлшгүй мэдвэл зохих цахим сургалтын агуулгыг үзэж судалсныг гэрчилнэ.
Энэхүү цахим сургалтын модулийг удирдах ажилтнуудад жендэрийн асуудлаар богино хугацаанд мэдээлэл авч ажилдаа ашиглахад нь дэмжлэг болгох зорилгоор Монгол Улсад анх удаа 2018 онд нэвтрүүлж, 2024 онд шинэчлэн сайжруулсан хувилбарыг танилцуулж байна.
Энэхүү цахим сургалтад төрийн удирдах албан тушаалд ажиллаж буй болон томилогдох албан хаагчид хамрагдаж, жендэрийн асуудлаар мэдлэг ойлголтоо бататган, холбогдох хичээл тус бүрийн сорилыг бөглөж өөрөө өөрийгөө үнэлэх боломжтой.
Жендэрийн цахим сургалтын модулийг:
  • Удирдах ажилтнууд жендэрийн талаарх ойлголт, хандлагаа сайжруулахад зориулан, олон улс болон Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааны туршлага, сургамжид тулгуурлан боловсруулсан.
  • Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх үндэсний шинжээчид, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын Академийн багш, профессорууд хамтран боловсруулж, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын удирдах албан тушаалтнуудын оролцоотой туршин сайжруулж, нийт 3000 гаран удирдах ажилтан хамрагдсан.
  • Сургалтын агуулгыг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлж, төрийн албаны шалгалт дахь холбогдох асуултуудтай уялдуулсан.
  • Шинээр батлагдан хэрэгжиж байгаа Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг хууль тогтоомжийн акттай уялдуулж шинэчлэн сайжруулан боловсруулж, хоёр дахь хувилбарыг нэвтрүүлсэн.
Монгол Улс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталсан бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх тогтолцоог үндэсний болон орон нутгийн түвшинд бүрдүүлэн ажиллаж байна. Тус хуулийн хэрэгжилтийг дунд хугацаанд хангах Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стартеги төлөвлөгөө (2022-2031), Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого (2022-2031) болон салбар, орон нутагт батлагдан хэрэгжиж буй жендэрийн бодлого, төлөвлөгөөг байгууллага, хамт олон хэрэгжүүлэхэд удирдах ажилтан манлайлах үүрэгтэй.
home3
Удирдах ажилтан нь энэхүү манлайлах үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллахын тулд юуны өмнө жендэр, жендэрийн эрх тэгш байдлын талаар бүрэн зөв ойлголт мэдлэг, дэвшилтэт хандлагатай байх шаардлага тулгарч байна.  
Удирдах ажилтан нь:
a) Эмэгтэй, эрэгтэй ажилтанд тулгамдаж буй ялгаатай асуудал, бэрхшээлийг илрүүлэн шийдэх замаар тэдний ажил амьдралын нөхцөл, ажлын бүтээмжийг дээшлүүлэх,
b) Байгууллагаас гаргаж буй үйлчилгээг үйлчлүүлэгч (зорилтот бүлгийн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд)-ийн ялгаатай хэрэгцээнд нийцүүлэх замаар илүү хүртээмжтэй, чанартай болгох боломжтой.
Дээрх үйл ажиллагааг нэг удаа хийгээд өнгөрөх бус байгууллагын төлөвлөлт, үйл ажиллагааны нэгэн хэсэг болгосон тохиолдолд бодит өөрчлөлт гарахыг анхаарна. Дээрх хоёр асуудлын аль алиныг судалгаанд суурилсан бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт, хяналт үнэлгээнд нэгтгэх замаар шийдэх боломжтой бөгөөд энэ нь Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанд тусгах үйл явц юм.a
Удирдах ажилтан байгууллагыг үр ашигтай удирдан зохион байгуулахын тулд хүний нөөцийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх шаардлагатай тулгардаг. Ажилтан бүрийн мэдлэг, ур чадвар, онцлог хэрэгцээ, түүний дотор эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээг мэдэрч ажиллахын зэрэгцээ, аль нэг хүйсэд давуу эрх олгох, хязгаарлалт тогтоох, гэр бүлийн байдал зэрэг шалтгаанаар ялгаварлан гадуурхахыг хориглоно.
Хөдөлмөрийн хамтын гэрээ, хэлэлцээр байгуулж буй тохиолдолд эмэгтэй, эрэгтэй ажилтанд ажил, мэргэжлийн эрх ашиг, гэр бүлийн үүргээ хослуулах, хүүхэд төрүүлэх, асрах нөхцөл бололцоо олгох, эрүүл мэндээ хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй нөхцөлд ажиллах, түүнчлэн ижил ажилд адил цалин, нэмэгдэл хөлс тогтоох, ижил нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгахын төлөө чармайх нь зүйтэй.
Удирдах ажилтан жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал, зарчим, хэвшмэл ойлголтын талаарх ойлголт, мэдлэгээ бататгаж, байгууллага, хамт олноо жендэрийн мэдрэмжтэй удирдан манлайлахад хувь нэмэр оруулах, улмаар жендэрийн талаар анхаарах асуудлыг тодорхойлж түүнийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх,хянаж үнэлэхэд суралцах, энэ талаарх түншлэл, хамтын ажиллагааны нөөц боломжийг эрэлхийлэхэд хөшүүрэг болоход энэхүү сургалтын зорилго оршино.